2018-04-17
Түлэгдэлтийн үед анхаарах зүйлс:
Түлэгдэлтийн үед анхаарах зүйлс:

Хүний биеийн аль нэг хэсэг халуун уур, гал, буцалсан ус, халж улайссан зүйл, химийн бодис, цахилгаан болон радио идэвхт бодисын нөлөөгөөр түлэгдэж гэмтэхийг түлэгдэлт гэнэ. Түлэгдэлтийг эмчлэхэд түлэгдсэн зүйлийн халуун, хэр удаан хугацаагаар үйлчилсэн, хамарсан талбай зэргийг харах хэрэгтэй. Өндөр даралттай дөл болон уур нь зөвхөн биеийн ил хэсгийг түлээд зогсохгүй амьсгалын зам, амны хөндий, нүд зэргийг түлэх аюултай учир хүнд хэлбэрийн түлэгдэлт үүсгэдэг. Түлэгдэлтийг 4 зэрэгт ангилан үздэг.

Нэгдүгээр зэргийн түлэгдэлт:

Арьс улайж, өнгөц хавдартай, орчиндоо өвдөлттэй болохыг хэлнэ. Ийм түлэгдэлт хамгийн хөнгөн бөгөөд арьсны өнгө нь гадны үрэвслээр илэрдэг, 3-6 хоногийн дотор эдгэнэ. Эдгэхдээ түлэгдсэн газрын арьс хуурч унана.

Хоёрдугаар зэргийн түлэгдэлт:

Цэврүү үүсэх, түлэгдэлтийн явц нэгдүгээр зэргийнхээс илүү илрэх, хүчтэй хорсох, арьс улайх, арьсны өнгөн давхаргын цаанаас цэврүү үүсч цус гоожих шинж тэмдэг илэрдэг. Ийм түлэгдэлтийн үед арьсны гүн давхарга гэмтэл бага учирдгаас арьсны гадарга идээт үрэвсэл болох нь бага, 7 хоногийн дараа арьс төлжин сорвигүй эдгэнэ. Бүрэн эдгэрэх хугацаа 7-15 хоног бөгөөд үрэвссэн цэврүү нь идээлбэл эдгэрэлтийн явц удааширдаг.

Гуравдугаар зэргийн түлэгдэлт:

Энэ түлэгдэлтийн үед арьсны бүх гадаргуу үхжил болдог.Гуравдугаар зэргийн түлэгдэлтийн үед арьсны эд эсийн уураг, цус нь юүлэгдэн хунирч хатуу тав, сорви үүсгэн үүний дотор үхэжсэн эд нь үлддэг. Эдгэрэхдээ сорвижин татаж эдгэрнэ. Түлэгдэлтээс үүссэн сорвитой хүнийг гуравдугаар зэргийн түлэгдэлтэй хүн байна гэж ойлгож болно.

Дөрөвдүгээр зэргийн түлэгдэлт:

Энэ нь хамгийн хүнд хэлбэрийн түлэгдэлт бөгөөд өндөр халуун, дөл, хайлш, металл зэрэг хүчин зүйлээс үүсч болно. Ийм түлэгдэлтийн үед арьс, булчин, шөрмөс ясандаа хүртэл түлэгддэг.

Гурав, дөрөвдүгээр зэргийн түлэгдэлт удаан хугацаанд эдгэрэх бөгөөд зарим үед арьс нөхөн суулгах шаардлага гардаг. Түлэгдэлт нь биед хурц хордлого болон төв мэдрэлийн талаас шоконд оруулах, дотор эрхтэний үйл ажиллагаанд ялангуяа бөөрөнд нөлөөлж хордлогонд оруулах аюултай.

Түлэгдэлт хэдий их талбайг хамрах тусам шок болон хордлого илүү байна. Түлэгдэлтийн улмаас үүссэн үхэжсэн эд болон үрэвслийн гадаргуугаас ялгарах хорт нэгдэл нь цусанд эргэн шимэгдэж бие организмыг хордлогод оруулдаг. Энэ нь толгой өвдөх, халуурах, биеийн эсэргүүцэл сулрах, огиулах, бөөлжих, бөөрний дутагдалд оруулах аюултай. Түлэгдэлтийн үед эзлэх талбай болон хэр гүн түлэгдсэнийг нь сайн харах ёстой.

Түлэгдсэн хүнд хориглох зүйлс:

Ганцааранг нь орхих, тос, крем, ургамлын тос, эм цацах, цэврүүг хагалах, шатсан хувцас цамцыг түлэгдсэн газраас нь хуулж авах, амны хөндий болон амьсгалын зам түлэгдсэн үед уух, идэх юм өгөх хэрэгтэй.

Түлэгдсэн хүнд яаралтай эмнэлгийн тусламж дуудаж, гэмтэл авсан хэсэгт нь аль болох хүрч, хөндөхгүй байж, цай, сүү, ундаа зэрэг шингэн зүйл уулгах хэрэгтэй. Мөн биеийн түлэгдсэн газрыг угаах, өмсөж байсан хувцасыг нь тайлж гар, хөл мөчийг эрүүл биед наалдуулалгүй чиг тавьж боох хэрэгтэй. Ил газрын өнгөц түлэгдэлтийн үед хүйтэн усанд 10-15 минут байлгаж болно, харин энэ аргыг их хэмжээний түлэгдэлтийн үед хэрэглэж болохгүй, шууд эмчид үзүүлэх шаардлагатайг анхаарна уу.

Хэрвээ гарын хэсэг түлэгдсэн бол цаг, бугуйвч зэргийг заавал тайлж авах ёстой, үрэвслийн улмаас хавагнаж, хавдсан тохиолдолд дээрх зүйлийг тайлахад амаргүй болно. Хуруунууд түлэгдсэн бол завсарт нь марль хавчуулах хэрэгтэйг анхаарна уу



Бичсэн: Халиунаa | цаг: 08:27 | Зөвлөлгөө
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax