2018-04-17
Цус алдалт

Цус алдалтын үед


Гэнэтийн осол, хурдан явцтай хүнд өвчин зэрэг эмнэлгийн яаралтай туслалцаа шаардсан эрүүл мэнд, амь нас ноцтой аюулд учирсан тохиолдолд эмч  ирэхийг хүлээх, өвчтнийг эмнэлэгт хүргэж өгөхөөс өмнө өөрийн хүч бололцоогоо ашиглан анхны тусламж үзүүлэх нь нэн чухал байдаг. Аливаа гамшиг, осол хэлж ирэхгүй учраас юуны өмнө хүн бүр гэртээ, машиндаа, аялалд зугаалгаар явахдаа  шаардлагатай  эм, тариа, хөвөн бинт, иод, спирт, өвчин намдаах эм зэргийг багтаасан  анхны тусламжийн аптектай байх ёстой. Мөн хувь хүн бүр анхны тусламж үзүүлэх анхан шатны мэдлэгтэй байх нь ослын үед өвчнийг эрсдэл багатай даван туулахад маш чухал алхам болно.

Анхны тусламж үзүүлэхэд гэмтэл үүсгэсэн хүчин зүйлийн нөлөөг зогсоох хэрэгтэй. Жишээлбэл, наранд цохиулсан хүнийг сүүдэрт аваачих, угаартсан хүнийг цэвэр агаарт гаргах, живж байгаа хүнийг уснаас гаргах, цахилгаан, тогонд цохиулсан хүнийг цахилгааны эх үүсвэрээс нь салгахгэх мэт.  Үүний дараа гар доорх зүйлсээ ашиглан эмнэлгийн анхан шатны тусламжийг яаралтай үзүүлж 103 дугаараар түргэн тусламж дуудах, эсвэл ойролцоохи эмнэлэгт хүргэх хэрэгтэй. Анхны тусламжийг хэдий чинээ цаг алдахгүй үзүүлнэ төдий чинээ  хүний амь насыг  хамгаалах боломжтой болно.

Цус алдалтын үед авах арга хэмжээ:

Цус алдалт нь гадуур болон  дотуур, артерийн ба венийн судасны, мөн  хялгасан судасны гэж байдаг. Хуруугаа эсгэх зэрэг бага зэргийг гадуур цус алдалтын үед гэмтсэн хэсгийг дээш нь өргөөд шарханд иод түрхэн цэвэрлээд бохир оруулахгүйн тулд цэвэр салфетки, хөвөн тавин дарж бооход хангалттай. Харин энэ тохиолдолд боолт ыг  хэт чанга хийх хэрэггүй.  Өөрөөр хэлбэл боолтноос доогуурхи хэсгийн арьс хөхрөх ёсгүй.

Артерийн судас/а/ гэмтсэн үед шархнаас тод улаан өнгийн цус тасалдан оргилдог. Харин венийн судас/б/ гэмтсэн vед хар хvрэн өнгийн цус жигд урсдаг. Эдгээр цус алдалтууд нь маш аюултай бөгөөд анхны тусламжийг яаралтай үзүүлсэн эсэхээс хамаарч тухайн хүний амь нас, эрүүл мэнд хамаарах нь цөөнгүй. Артерийн хүчтэй цус алдалтын үед дээгүүр буюу их биед ойрхон хэсэгт ясанд нь  тулган гараар дарж түр зогсоож болно. Үүний дараа эрчлээс боолт, эсвэл алчуур, бүс зэрэг гарын доорх зүйлсээр шархадсан газраас дээгүүр чанга дарж  эрчилэн бооно. Эрчлүүр доогуур нь мод, эсвэл харандаа хийж эргүүлж эрчилнэ. Ингэхдээ арьсыг гэмтээхгүйн тулд боолтны дотор талд бинт, зөөлөн цэвэр даавуу хийж өгнө. Хэрэв эрчлүүр боолт хийхэд бүс, даавуу зэрэг гар доор ашиглах  зүйлс байхгүй тохиолдолд гэмтсэн үеийг аль болох сайн нугалаад тэр чигт тогтоож өгнө. Гэмтсэн газар тавьсан эрчлүүр боолтыг 1,5-2 цагаас илүү удаан хугацаагаар байлгаж болохгүй. Учир нь үүнээс удаан хугацаа болволуд тухайн хүний эд, эс үхжих аюултайг санах хэрэгтэй.  Харин эрчлүүр боолтыг зайлшгүй байлгах шаардлагатай бол боолтыг цаг тутам 10 минут орчим суллаж өгнө. Ингэж суллахдаа гэмтсэн артерийн шархаас дээших хэсгийг ясанд тулган дарж өгнө. Дараа нь эрчлүүр боолтоо өмнөх боосон газраасаа дээгүүр, эсвэл доогуур хэсгээр нь бооно. Гэмтсэн хүнийг эмнэлэгт хүргэж өгөхдөө эрчлүүр боолт тавьсан хугацааг заавал мэдэгдэж тэмдэглүүлэх хэрэгтэй.

Венийн цус алдалтын өмнө эрчлүүр боолтын оронд дарсан боолт тавина. Ингэхдээ гэмтсэн мөчийг өргөсөн байдалтай байлгах ёстой. Каппиляр буюу хялгасан судасны цус алдалтын үед нэвчиж байгаа мэт цус алдалт үүсэж, шархадсан хэсгээс нь бүхэлдээ цус алддаг учраас гэмтсэн хэсгийг дарж бооход л хангалттай.  Хамраас цус алдсан үед суугаад /хэвтэх хэрэггүй/ толгойгоо гэдийлгээд цох, духан дээрээ хүйтэн жин, хүйтэн жин, мөс тавих нь үр дүнтэй. Цус гарсан хамрын хэсэгт перекись /устөрөгчийн давхар исэл/-д норгосон жижиглэсэн хөвөн хийнэ. Хөвөн байхгүй үед самсайгаа 2-3 минутын орчим хураагаараа чимхэж дарна. Ингэхдээ хамраараа амьсгалах, ханиах, нийх зэргээс зайлсхийх хэрэгтэй бөгөөд ингэхгүй бол гэмтсэн судсыг таглаж буй нөж нь мултарч цус алдалт дахиж болзошгүй.

Харин савны гадуурхи  жирэмслэлт, ходоодны шарх, гэдэс рүүгээ хүчтэй цохиулах, шархадсан үед дотуур цус алдалт үүсч болзошгүй бөгөөд дотуур нь цус алдалтын үед  /хэвлийн хөндийн, цээжний хөндийн/ царай цонхийх, хүйтэн хөлс асгарах, хөл, гар хөрөх, толгой эргэх, чих жингэнэх, бие сульдах, эвшээлгэх, муужрах, судсын цохилт сул эсвэл түргэн болох шинж тэмдэг илэрч буйг сайтар ажиглах хэрэгтэй. Гэдсээр хүчтэй өвдөж байгаа үед ходоод угаах, туулгах эм уухыг хориглоно. Дотуур цус алдсан байж болзошгүй үед их биеийн хэсгийг тухайн хүний толгойноос өндөр байлгахаар хэвтүүлж цээж, эсвэл гэдсэн дээр нь мөстэй уут, хүйтэн усаар жин тавих нь үр дүнтэй.



Бичсэн: Халиунаa | цаг: 08:13 | Зөвлөлгөө
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax